Эрхэм хүндэт эцэг эхчүүд, сурагчид та бүхэндээ олон улсын хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлж байна.
Бид 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн Монгол улсын 20 дахь сургууль болсон төдийгүй, монгол билиг оюунаа дээдлэн уламжлалд суурилан шинэчлэлийг хэрэгжүүлж, хос хөтөлбөртэй олон улсын сургууль боллоо. Энэ нь монголын боловсролд чухал хувь нэмэр оруулсан дайчин чадварлаг дэлхийн монгол иргэнийг бэлдэх их үйлсд хос мориор довтолгох мэт түүхэн чухал цаг үе билээ. Бид ямагт хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг хэрэглэхийг эрмэлздэг ба цаашид ч хүүхэд нэг бүрт энэ боломжийг сургалт хүмүүжлийн арга хэмжээгээрээ дамжуулан олгох болно. Сургалт маань үр дүнтэй байхад эцэг эх сургууль багшийн хамтын ажиллагаа маш чухал бөгөөд эцэг эхчүүдэд хүүхэд нь сургууль дээр хэрхэн хөгжиж суралцаж өдрийг өнгөрөөж байгааг цаг алдалгүй мэдээллийн сувгаараа дамжуулан хүргэж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Дэлхийн боловсролын чанарт дүйцэхүйц сургалтыг манай багш нар, хамт олон зохион байгуулж, боловсролын салбарынхаа түүчээ нь болохын төлөө цаг ямагт хичээл зүтгэлээ зориулсаар байгаа бөгөөд сурагчдаа ч дэлхийн тавцанд өрсөлдөхүйц мэдлэг боловсролд тэмүүлсэн, хүмүүнлэг энэрэнгүй төгсөгчид болгохын төлөө чармайн ажиллах болно. Номын цагаан буян найман зүгтээ цацарч, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
Та бүхнийг хүндэтгэсэн цогцолборын захирал Н.Ундрах