Эрхлэгчийн мэндчилгээ
Бид хотхоноо түшиглэн“Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолборыг үүсгэн байгуулж, эх орныхоо хөгжлийг гардан авч явах хойч үеийнхний анхны суурийг бэлтгэгч оюунлаг, хүмүүнлэг ирээдүйг бүтээх үйлсдээ үр бүтээлтэй ажиллаад даруй 6 жилийг ардаа үджээ.
Манай хамт олны үзүүлсэн амжилтаас дүгнэхэд хүүхдийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажилладаг багш, ажилтан албан хаагчдын маань хичээл зүтгэл дэлхийн тэргүүлэх орнуудын болон өөрийн орны сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлагаар баримжаа болгон туршиж хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн чанар, үр дүн, хүүхэд бүрийн хөгжиж төлөвших, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэн ажилладаг бүхий л хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг дурдахдаа таатай байна.
Өнөөдөр бидний гол зорилго бол хүүхдүүдийг багаас нь хүн болж төрсний үнэ цэнэ, сайн муу үйлийн ялгаа амьдралын мөн чанар, бусдыг энэрэх, хайрлан халамжлах, байгаль дэлхийтэйгээ зөв харилцах, эцэг эх, ахмадыг хүндэтгэх, ач тусыг нь санах уламжлалт арга ухаанаа эрхэмлэн хүүхэд бүрийн ХҮН БОЛОХ төлөвшилд илүү анхаарах нь өнөөгийн нийгэм, хөгжлийн хэрэгцээ, шаардлага болоод байгааг хүүхдийн төлөө ажилладаг багш, ажилтан, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагчид харж алхам тутамдаа тэдэнд зөв үлгэрлэл үзүүлж байх шаардлагатай гэдгийг зөвлөмөөр байна. Эх орныхоо ирээдүйн хөгжлийг гардан авч явах хойч үеийнхний анхны суурийг бэлтгэх хамгийн чухал үеийг бидэнтэй хамтран сургаж, хөгжүүлж, төлөвшүүлэх өндөр хариуцлагатай үйл хэрэгт хамтран зүтгэж байгаа аав, ээж, эмээ өвөө, ах эгч, асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Хойчийн их үйлсийн эзэн бяцхан иргэдээ сургаж хөгжүүлэх бидний гэгээн үйл хэрэг жилээс жилд чанаржин, тасралгүй үргэлжилж, хүүхэд бүрийг хайр энэрэл хүрээлж, багачуудын баясгалант ертөнц цэцэрлэгт минь инээд хөөр цалгиж, эрүүл энхийн жаргалан үргэлжид бялхаж байх болтугай.